2010-03-02 - Гарын алга болон нүүрний хэлбэр таны ааш занг илтгэнэ
Алганы хээ Хүн төрөлхтөн алган дээрх зураасаа хараад тэр сонин зураас чухам юуг илтгэсэн ямар утгатай болохыг нь бодож нэлээд толгой гашилгасан нь дамжиггүй. Зарим нь “Хүн болгоны алганы хээ нь өөр өөр байдаг тул энэ зураасууд нь зөвхөн гар атгахыг хөнгөвчлөх зориулалттай биш байх.” гэдэг байсан. Тэгээд урт хугацааны, анхааралтай ажиглалтын үр дүнд алганы хээнээс хүний зан чанараас эхлээд хувь заяаг хүртэл илтгэсэн шинж тэмдгүүд байдгийг олж мэджээ. Чигчий хуруунаас эхлээд долоовор хурууг хүртэл хөндлөн тогтсон зураас зүрхний зураас юм байна. Энэ зураас гүн гинжилсэн хэлбэртэй олон олон салаанаас тогтсон байвал сэтгэл санааны өөрчлөлт ихтэй, дотоод мэдрэмж нь тогтворгүй, сэтгэл хөдлөлийн шинжүүд их байна гэсэн үг. Харин шууд үргэлжилсэн шугам мэт хээ нь сэтгэл санааны байдал тогтвортой гэсэн үг. Зүрхний хээний доод хэсэгт түүнтэй бараг зэрэгцээ шахам байдаг хээ нь ухааны хээ бөгөөд энэ хээ нь гүн, урт байвал оюуны чадвар сайтай гэнэ. Хэрэв энэ хээ зүрхний хээтэй яг зэрэгцээ байвал аливаа асуудлыг ухаанаараа шийддэг гэсэн үг бөгөөд харин энэ хээ доошоо чиглэсэн байвал сэтгэл зүрх, дотоод мэдрэмжээрээ голчлон асуудлыг шийддэг гэсэн үг. Энэ хээн дээр байдаг салбар салаа нь тэр үе дэх насанд нь тохиолдох үзэл санааны өөрчлөлт эсвэл дотоод ертөнцийн гүн хямралд орно гэж тайлбарлажээ. Эрхий хурууг хүрээлж бугуй хүртэл сунасан хээг амьдралын хээ гэнэ. Салаа салбаргүй шууд, урт байвал элдэв өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэсэн үг. Энэ хээн дээр гарсан зураас нь тэр үеийн насан дээр тусах өвчинг илтгэхээс гадна өөр олон нарийн зүйлийг ч агуулдаг гэнэ. Италийн эмч нар энэ талаар судалгаа хийж нас барсан хүмүүсийн алганы хээг ажиглажээ. Ингэхэд нас барсан хүмүүсийн нас нь амьдралын хээтэй нь шууд хамааралтай байжээ. Өөрөөр хэлбэл энэ зураас анагаах ухаанд ч байр суурьтай болжээ. Үүний хажуугаар гар хурууны хэлбэрийг бас тайлбарлажээ. Жишээ нь эртний Хятадууд эрхий хуруу нь жижиг хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй, өөрийгөө хянах чадвар нь муу байдаг гэдэг байсан учир гадаад оронд явуулсан худалдааны элч төлөөлөгчөө бүдүүн, урт хуруутай байхад нь анхаардаг байжээ. Мөн эрхий хуруу нь уян, сайн хотойдог хүмүүс сэтгэл санааны хувьд уян хатан байж бүх орчинд зохицдог гэнэ. Нүүр Та энэ хэсгийг уншихдаа хажуудаа толь аваад уншаарай. Өргөн эрүүтэй бас урт эрүүтэй хүмүүс ямар нэг ярианд хурдан итгэж тэр хэмжээгээрээ нөлөөнд нь ордог, зузаан уруултай хүмүүс өөрийн таашаалдаа ихэд үнэнч, нимгэн сайн хаагддаг уруултай хүн нууц сайн хадгалдаг, бүргэд хамартай хүн манлайлах шинж чанартай, сартгар хамартай хүн хурдан шантардаг гэдэг юм байна. Нүдний хэлбэрээс мэнгэ хүртэл нүүрний бүх зураасанд хүний хувь төөрөг нь ч байдаг гэж үздэг.